Дан хөгжмийн төрөл

         Хөгжмийн урлагийг ерөнхийд нь дуулахад зориулсан, хөгжимдөхөд зориулсан буюу дуулаачийн хөгжим (vocal music), дан хөгжим (instrumental music) гэж хоёр төрөлд хувааж үздэг.

Дан хөгжим дотроо олон янз байх бөгөөд хамгийн гол төрөл нь гоцлол хөгжим, цөөхүүл хөгжим, найрал хөгжим юм.

Майкл Мортилла

Гоцлол хөгжим: Ганц хөгжимчин хөгжимдөхөд зориулсан бүтээл бөгөөд ямар ч хөгжмийн зэмсгийн бүтээл байж болно. Гэхдээ хөгжмийн зохиолчдын дийлэнх бүтээл нь төгөлдөр хуурт зориулсан байдаг. Томоохон гоцлол бүтээлийг хэд хэдэн ангид (movements) хуваадаг ба тийм бүтээлийн хамгийн түгээмэл хэлбэр нь сонат (зөрчилт хөгжим) юм. Сонатын ангиуд өөр хоорондоо хурд, хэлбэрээрээ ялгарах ба тухайлбал:
1-р анги хурдан буюу Сонатын хэлбэр
2-р анги удаан /анданте, ададжье эсвэл лярго/ буюу хөгжмийн гурван-хэсэгт хэлбэр /Ternary form/
3-р анги бүжгийн хурдан цоглог буюу менуэт, трио
4-р анги хурдан буюу Рондо-сонат гэсэн нийтлэг дөрвөн ангид хуваадаг. Гэхдээ үүнийг зохиолч бүр ягштал мөрдөх дүрэм биш юм. Гурван ангит сонатын бүтээл бичихдээ зохиолчид хурдан-удаан-хурдан гэсэн темпийг баримталдаг байна. Төгөлдөр хуурын хамгийн алдартай сонатыг суут хөгжмийн зохиолч Л.Бетховен, В.А.Моцарт нар бичсэн бол И.С.Бах хийл болон морин хийлийн алдарт сонатууд бичсэн юм.
Л.Бетховен 14-р сонат буюу "Сарны сонат"


1-р анги, адажио состенуто


2-р анги аллегретто


3-р анги престо аджитато

И.С.Бах - Хийлийн 1-р сонат BVW 1001


1-р анги адажио


2-р анги фуга-аллегро


3-р анги сицилиана


4-р анги  престо


Даруулт хөгжмийн гоцлолд зориулан бичдэг өөр нэгэн төрөл бол прелюди (оршил), фуга юм. Фуга нь нэг юмуу хэд хэдэн сэдэв аялгуу хоолой тус бүрд имитацийн байдлаар эхэлж олон дахин сэлгэн давтагдах хөгжмийн зохиол юм. Бадралт бишгүүр хөгжимд бичдэг токката ч гоцлол хөгжмийн нэг хэлбэр юм.

Цөөхүүл хөгжим: (“Цөөхүүл хөгжим” нийтлэлээс дэлгэрэнгүй үзнэ үү.) Хоёр ба түүнээс дээш цөөн хэдэн хүний хөгжимдөхөд зориулагдсан хөгжмийг цөөхүүл хөгжим гэнэ. Голдуу 2-5 хөгжимчдөд зориулж бичдэг ч 20 хөгжимчин тоглоход зориулсан бүтээлийг ч цөөхүүл хөгжим гэж нэрлэх тохиол бий. Ихэнхи цөөхүүл хөгжмийн зохиол 4 ангитай байх ба цөөхүүл хөгжмийн зохиолыг тухайн бүтээлийг тоглох хөгжмийн зэмсгийн нэрээр буюу тухайлбал чавхдаст хөгжмийн дөрвөл, төгөлдөр хуурын тавал гэхчилэн нэрлэдэг.
Найрал хөгжим: 18-р зуунд анх үүсэхдээ найрал хөгжим нь зохион байгуулалттай чуулгаас илүү хөгжимчдийн цуглуулга шиг байжээ. Найрал хөгжмийн бүтээлүүд нь үзэгчдийн өргөн хүрээг хамрах бөгөөд найрал хөгжмийн бүрэлдэхүүнд 15 хөгжимчнөөс эхлээд 100 гаруй хөгжимчид багтдаг. Цөөн хөгжимчнөөс бүрдэх /50 ба түүнээс цөөн/ найрал хөгжмийг цөөхүүл найрал хөгжим, бүрэн бүрэлдэхүүнтэй найрал хөгжмийг /100 орчим/ симфони найрал хөгжим гэж нэрлэдэг.
Найрал хөгжмийн бүрэлдэхүүнд харилцан бие биенээ дэмжин, нэгэн утга санааг илэрхийлэхийн тулд нийцэн эгшиглэдэг олон төрлийн хөгжмийн зэмсэг орсон байдаг. Чухам ямар зэмсэг ямар үүрэг гүйцэтгэдэг, тэдгээрийн хөг, авиа, цараа чинээний онцлогийг сайн мэдэж байж сая хүний чихэнд таатай, гүн утга агуулгатай сайхан бүтээл туурвиж чадна.



Найрал хөгжим үндсэн 4 хэсэгт буюу чавхдаст хөгжим, модон үлээвэр, гуулин үлээвэр, цохивор хөгжмийн зэмсэг гэсэн хэсгүүдэд хуваагддаг.
  1. Чавхдаст хөгжмийн хэсэгт: (strings section)
- 18 – 1-р Хийл /violin I/
- 16 – 2-р Хийл /violin II/
- 12 эрдүү хийл /viola/
- 10-12 морин хийл /cello, violoncello/
- 8-10 их хийл /contrabass/
- Босоо ятга /harp/
  1. Модон үлээвэр хөгжмийн хэсэгт: (woodwind section)
- 3 лимбэ /flute/
- 1 жижиг лимбэ /piccolo/
- 3 жимбүүр /oboe/
- 1 англи бүрээ /English horn/
- 3 бялар /clarinet/
- 1 басс кларнет /bass clarinet/
- 3 үелэх бишгүүр /bassoon/
- 1 contrabassoon
  1. Гуулин үлээвэр хөгжмийн хэсэгт: (brass section)
- 4 бүрээ /horn/
- 4 нарийн бүрээ буюу бишгүүр /trumpet/
- 3 татах бүрээ: 2 тенор, 1 басс /trombone/
- 1 их бүрээ /tuba/
  1. Цохивор хөгжмийн хэсэгт: (percussion section)
- 1 glockenspiel
- 1 celesta
- Яруу хэнгэрэг /timpani/
- 1 царгил хөгжим /xylophone/
- 1 хонх /chime/
- 1 жижиг бөмбөр /snare drum/
- 1 том бөмбөр /bass drum/
- 1 тамборин /tambourine/
- 1 триэнгл /triangle/
- 1 цан /cymbal/
зэрэг хөгжмийн зэмсгүүд ордог.
Найрал хөгжмийн зохиолын гол хэлбэр бол симфони, концерт, чуулбар /сюита/ юм.
Нийцэн эгшиглэх гэсэн Грек үгнээс гаралтай симфони хөгжим найрал хөгжмийн дотроос хамгийн том нь юм. Симфони хөгжим сонатын адил 3-4 ангиас бүтдэг. /“Симфони хөгжим” болон “Хөтөлбөрт симфонийн төрөл” нийтлэлээс дэлгэрэнгүй үзнэ үү/
Тэрчлэн төгөлдөр хуур, хийл, морин хийл, жимбүүр зэрэг төрөл бүрийн хөгжмөөр гоцлон бүх найрал хөгжим хөгжимдөх нэгэн төрөл зохиолыг концерт гэнэ. Концерт гурван ангитай. Эхний болон сүүлийн анги нь цоглог хурдан байхад хоёр дахь анги нь удаан хэмнэлтэй байдаг. Италийн нэрт хөгжимчин, хөгжмийн зохиолч А.Вивальди чавхдаст хөгжмийн олон алдартай концерт туурвисаны дотор “Дөрвөн улирал” хэмээх концерт ордог.


П.И.Чайковский - Төгөлдөр хуурын 1-р концерт

1-р анги. Allegro non troppo e molto maestoso – Allegro con spirito


2-р анги. Andantino simplice – Prestissimo


3-р анги. Allegro con fuoco


1700-аад оны үед чуулбар /сюита/ зохиол нь бүжгийн хөгжмийн цуглуулга байсан боловч 1800-аад онд өөрийн гэсэн ялгагдах онцлогтой ангиудад хуваагдаж эхэлжээ. Жүжгийн тодорхой хэсгүүдэд зориулж бичсэн хөгжмийн олон янзын хэсгээс чуулбар бүрдэх тохиолдол бий. Чуулбарыг дагалдагч хөгжим ч гэдэг. Чуулбар зохиол нь:
- Prelude
- Allemande /Герман бүжиг/
-Courante, Corrente /Courante - Франц бүжиг, Corrente - Итали бүжиг/
- Sarabande /Испани бүжиг/
-Galanteries буюу Intermezzi (хөгжмийн зохиолчид өөрийн хүслээр Minuet; Bourree; Polonaise; Gavotte гэсэн 2-4 бүжгийн хэсгээс оруулдаг.)
- Gigue эсвэл Giga /Gigue - Англи бүжиг, Giga - Итали бүжиг . Хөгжмийн зохиолчид цөөн ашигладаг/  гэсэн 6 ангиас бүрддэг.
 И.С.Бах - Морин хийлийн 6-р чуулбарын хэсгээс BVW 1012
/И.С.Бахын 1717–1723 оны хооронд бичсэн  "The Six Suites for Unaccompanied Cello" хэмээх 6 цуврал гоцлол морин хийлд зориулсан бүтээл юм. Түүний 6-р чуулбарын төгсгөлийн 2 ангийн хэсгээс сонсоно уу./
5-р анги Gavotte;




6-р анги Gigue:

0 Сэтгэгдэл:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More